2022 оны 03 сарын 18

“Газрын доорх ус- Үл харагдах усыг таниулъя”

1992 онд ЮНЕСКО-ийн 27 дугаар чуулганаар жил бүрийн 03 дугаар сарын 22-ны өдрийг “ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР” болгон тэмдэглэж байхаар тунхаглаж, 1993 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн.
Усны өдрийг жил бүр өөр өөр уриан дор тэмдэглэдэг бөгөөд тухайн жилийн уриалгын хүрээнд олон нийтэд мэдээлэл түгээж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүс усыг хайрлан, хамгаалах үйлсэд нэгдэж, тэмдэглэн өнгөрүүлдэг.
Жил бүрийн Дэлхийн усны өдрийг усны тодорхой сэдвийн доор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд улс орнуудад устай холбоотой аливаа асуудлын талаар мэдлэг, мэдээлэл солилцох, бусдад түгээх, өөрчлөлт хийх, хэлэлцэх боломжийг олгодог ач холбогдолтой.
Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 2022 оны Дэлхийн усны өдрийг “Газрын доорх ус- Үл харагдах усыг таниулъя” сэдвийн доор бидний нүдэнд үл харагдах далд баялаг болох газрын доорх усыг судлах, үнэ, цэнийг таниулах, бохирдол, хомстлоос хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох , өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах, нөөцийг зохистой ашиглах оновчтой менежмент хийхэд улс орнуудыг хамтран ажиллахыг уриалсан байна.
Газрын доорх ус нь амин чухал нөөц баялаг бөгөөд дэлхийн нийт хүн амын ундны усны хэрэглээний 50 хувь, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын ус хангамжийн 40 хувь, үйлдвэрийн ус хангамжийн 30 хувийг газрын доорх усаар хангаж байна.